Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Хятадаас дүрвэсэн Артур Лю охиноо АНУ-ын үндэсний аваргаас олимпийн алтан медальтан болтол нь дэмжжээ

Хятадаас дүрвэсэн Артур Лю охиноо АНУ-ын үндэсний аваргаас олимпийн алтан медальтан болтол нь дэмжжээ

  • 2026/02/24

АНУ-ын шигшээ багийн тамирчин Алиса Лю Милан хотод болж буй Милан–Кортина 2026 Өвлийн Олимпын наадамд эмэгтэчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэрээр алтан медаль хүртсэн юм. АНУ сүүлд 2002 онд энэ төрөлд олимпийн алтан медаль хүртсэнээс хойш 24 жилийн дараа Алиса Лю ийн алтан медаль авчирч байна.

Алисагийн аав Артур охиноо бүх талаар дэмжив

Алиса Лю нь Калифорни мужийн Ричмонд хотод ганц бие эцэг Артур Люгийн гар дээр өссөн бөгөөд тэр 5 настайдаа уран гулгалттай танилцжээ. Түүний төрөлхийн авьяасыг анзаарсан Артур удалгүй охиныхоо амьдралыг бүхэлд нь энэ спорт руу ойртуулж, зориулах болжээ.

Уран гулгалтын домогт тамирчид Мишель Кван, Кристи Ямагучи нараас урам зориг авсан Артур Алисыг дөнгөж 5 настай байхад нь энэ спортод хөтөлсөн.

Түүний төрөлхийн авьяасыг олж харсан Артур охиныхоо уран гулгалтын карьерт гүнзгий оролцож, бэлтгэл сургуулилтад нь мянга мянган доллар зарцуулж, хамгийн сайн дасгалжуулагчдаар хичээллүүлэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрт тэмцээн, бэлтгэлд дагуулан явдаг байв.

“Би мөнгө, цагийг огт хайрлаагүй. Би зүгээр л авьяасыг нь харсан" гэж тэр хэлсэн юм.

13 насандаа Алиса АНУ-ын уран гулгалтын түүхэн дэх хамгийн залуу аварга болж, мөн АНУ-ын эмэгтэй тамирчдаас гурван удаа гурвалсан үсрэлтийг амжилттай гүйцэтгэсэн анхны тамирчин болсон юм. Энэ нь уран гулгалтын ертөнцөд цөөн хүн л хийж чадсан хүнд элементдээ ордог билээ.

Мөсөн талбай дээр амжилт гаргасан ч залуу од энэ спортод төдийлөн дуртай байгаагүй.

Алиса “Би 13, 14 настайдаа өдөр бүр гулгадаг байсан. Тиймээс миний хүүхэд нас маш бусдынх шиг жирийн байгаагүй” гэж тэр 2026 оны нэгдүгээр сард CNN-ийн “60 Minutes” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэр энэ туршлагаа ажилтай зүйрлээд “Ялангуяа хүүхэд байхдаа чи яг юу хүсэж байгаагаа сайн мэддэггүй. Гулгалт бүр хариуцлага, хүнд ачаа шиг санагддаг байсан" хэмээн нэмж хэлсэн байна.

16-хан насандаа зодог тайлж буйнаа зарлажээ

2022 оны дөрөвдүгээр сард Бээжингийн Өвлийн Олимпод оролцсоныхоо дараахан Алиса дөнгөж 16 настайдаа зодог тайлж байгаагаа зарлаж, бүгдийг цочирдуулсан. Энэ шийдвэрийнхээ талаар тэр аавтайгаа зөвлөлдөөгүй байв.

Түүний аав Артур Алисын бэлтгэлийг тогтмол ажиглаж, хэд хэдэн дасгалжуулагчийг нь халж, үсрэлтийнх нь хурдыг хэмжихээр мөсөн талбайд радарын төхөөрөмж хүртэл авчирч байсан гэдэг.

"Үндсэндээ энэ нь түүний бизнес байсан. Минийх ч биш” гэж Алиса нэгэн ярилцлагадаа хэлж байв. Түүний гэр бүл уран гулгалтаа орхих шийдвэр гаргахад нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн аж.

Хоёр жилийн дараа тэр уран гулгалтад дахин дурлаж, гайхалтай эргэн ирэлт хийж, 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2026 оны Милан–Кортинагийн Өвлийн Олимпоос хоёр алтан медаль хүртсэн юм.

Түүний аав Артур 1989 оны Тяньаньмэний талбайд эсэргүүцэн жагссанаасаа болж Хятадаас дүрвэжээ

Түүний гэр бүлийн өвөрмөц байдал, аавынх нь түүний спортын эхэн үеийн замналд оролцсон байдал зэргийг харвал, Алиса Люгийн аавын талаар мэдэх ёстой бүхнийг энд өгүүлэхээс аргагүй юм.

Артур Хятадын Сычуань мужийн уулын жижиг тосгонд төрж өссөн хэмээн NBC Sports-т ярьжээ. Тэр зургаан хүүхдийн нэг бөгөөд аав нь төрийн албанд ажилладаг, ээж нь фермер байсан аж.

Алиса болон түүний дөрвөн дүү болох охин дүү Селена, мөн гурван ихэр Жулия, Жастин, Жошуа бүгд нэр нь үл мэдэгдэх өндгөн эсийн донороор, тээгч эхийн тусламжтай төрсөн. Алиса болон ихрүүд нэг тээгч эхтэй бөгөөд тээгч ээжтэйгээ уулзаж байсан тухай NBC Sports-т хуваалцсан юм.

Артур гэр бүлээ уламжлалт бус аргаар бүрдүүлж, өөрийн сонголтоор ганц бие эцэг болсон тухайгаа нээлттэй ярьж байсан удаатай. Тэр “Би үргэлж хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч нэг мэдэхэд л 40 нас хүрчихсэн байсан" гэж тэр 2019 оны нэгдүгээр сард San Francisco Chronicle-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

25 настайдаа Артур 1989 оны Тяньаньмэний талбайн эсэргүүцлийн жагсаалд оролцсоны улмаас эх орноосоо дүрвэхэд хүрсэн байна.

Bay Area-д суурьшсаны дараа тэр Калифорнийн Их Сургуульд хууль зүйгээр зэрэг хамгаалж, улмаар өөрийн хуулийн “Inter-Pacific Law Group Inc” фирмийг байгуулжээ.

NBC Sports-ийн мэдээлснээр Артурын ээж Шу Алиса болон түүний дүү нарыг өсгөхөд туслахаар Хятадаас Калифорнид нүүн ирж, тэдний амьдралын эхний найман жилд хамт байсан байна. Нэг хэсэгтээ тэдний гэр бүл нэг өрөө байранд амьдарч байсан бөгөөд дүү нар нэг өрөөгөө хамт ашигладаг байжээ. Алисад энэ нь их таалагддаг байсан.

“Бид багадаа нэг өрөөнд гурван давхар орон дээр бүгд хамт унтдаг байсан, үнэхээр хөгжилтэй байсан,” гэж тэр 2025 оны арванхоёрдугаар сард KCRA-д өгсөн ярилцлагадаа дурссан байна. “Бид орой болтол сэрүүн байж, давхар орнуудын хооронд мөлхөж тоглодог байсан… үнэндээ би тэр үеэ бага зэрэг санаж байна” гэсэн юм.

Алиса уран гулгалтаа орхих тухай анх COVID-19 цар тахлын үеэр, мөсөн талбайнууд хаагдаж, Олимп хойшлогдсон үед бодож эхэлжээ.

“Тэр миний амьдрал дахь анхны жинхэнэ завсарлага байсан” гэж тэр 2025 оны гуравдугаар сард The Guardian-д ярьсан байна. Мөн “Хөл хорио эхэлмэгц би ‘Хөөх, гулгахгүй байна гэдэг ийм байдаг юм байна гэж бодсон. Тэгээд надад маш их таалагдсан" гэжээ.

Мөсөн талбайгаас хол байсан тэр хугацаа түүнд тэмцээнд оролцохын тулд гэр бүлээсээ хэчнээн их хугацаанд хол байсныг ойлгуулав.

Алиса “Миний айж байсан зүйл бол би гэр бүлтэйгээ хэзээ ч хамт амьдарч үзээгүй юм шиг болсон байх вий гэсэн бодол. Би хэтэрхий хурдан, хэтэрхий багаасаа том болж байсан. Хэрэв гулгалтаа үргэлжлүүлбэл гэртээ байх боломж надад хэзээ ч олдохгүй гэдгийг мэдэж байсан” гэсэн юм.

Хэдэн жилийн дараа, 2022 оны дөрөвдүгээр сард тэр Instagram хуудсаараа дамжуулан зодог тайлж байгаагаа зарлаж, “Би ийм их амжилтад хүрнэ гэж хэзээ ч үнэхээр бодож байгаагүй. Би маш аз жаргалтай байна. Миний уран гулгалтын замнал ямар байсанд би бүрэн сэтгэл хангалуун байна. Одоо би уран гулгалтад тавьсан зорилтууддаа эцэст нь хүрсэн учраас амьдралынхаа дараагийн шат руу шилжих гэж байна. Гэр бүл, найзуудтайгаа чөлөөт цагаа илүү өнгөрүүлэхийг хүсэж байна" хэмээн хуваалцжээ.

Тухайн оныхоо тавдугаар сард San Francisco Chronicle-д ярилцлага өгөхдөө Алиса энэ шийдвэрийн талаар аавтайгаа ярилцаагүй гэдгээ хэлсэн юм. “Би зодог тайлахдаа аавынхаа санал бодлыг үнэндээ асуугаагүй. Эцсийн дүндээ энэ бол миний амьдрал" гэсэн бөгөөд Артур түүний шийдвэрийг дэмжсэн гэжээ.

Артур түүний уран гулгалтын үйл ажиллагаанд оролцохоо больжээ

Алиса 2024 онд уран гулгалтад эргэн ирэх шийдвэр гаргахдаа хэд хэдэн нөхцөл тавьсан байна. Энэ удаа тэр бэлтгэл болон карьертайгаа холбоотой шийдвэрүүдийг өөрөө гаргана гэжээ.

“Би өөрийн хөтөлбөрийн хөгжмийг өөрөө сонгоно, хөтөлбөрийн бүтээлч үйл явцад өөрөө оролцоно. Хэрэв би хэтэрхий их гулгаж байна гэж мэдрэх юм бол ачааллаа багасгана. Хэрэв хангалтгүй байна гэж бодвол нэмэгдүүлнэ. Хэн ч намайг өлсгөхгүй, юу идэж болох, болохгүйг заахгүй" хэмээн өөрийн шаардлагыг тавив.

Энэ өөрчлөлт нь аав нь өмнөх шигээ гүнзгий оролцохгүй гэсэн үг байв. “Тэр бол гайхалтай аав. Зүгээр л би түүнийг урьдынх шигээ ингэтлээ оролцоотой байгаасай гэж хүсээгүй” гэж тэр тайлбарласан байна.

This image has an empty alt attribute; its file name is arthur-liu-60-minutes-2-021726-8fce023cfd984e66912d6033287e0168-1024x683.jpg

Тэр ярилцлагын үеэр Артур Алисын шийдвэрт бага зэрэг гомдсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

“Би чамайг АНУ-ын үндэсний аваргын хоёр түрүүнд хүргэсэн шүү дээ…” гэж тэр хэлсэн байна. Гэсэн ч тэр охиныхоо карьерыг дэмжсээр байгаа бөгөөд 2025 оны гуравдугаар сард Дэлхийн аваргын алтан медаль хүртэх үед нь заалнаас хөгжөөн дэмжиж буй нь харагдсан юм.

Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: PEOPLE

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Гурван жил дараалж дэд аварга ...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :