Гурван жил дараалж дэд аварга болсон Металл баг "M" лиг рүү уналаа
- 2026/02/23
Монголын сагсан бөмбөгийн үндэсний "Дээд лиг"-т сүүлийн гурван жил дараалж аваргын төлөө өрсөлдөж дэд аварга болоод байсан Бишрэлт Металл баг "M" хөгжлийг лиг рүү уналаа. Дээд лигт гурван жил дараалан дэд аварга болсон тэд өчигдөр Ховд Шонхорууд багтай хийсэн тоглолтдоо 69-59 онооны харьцаатайгаар ялагдал хүлээснээр лигийн шинэ дүрмээр "М" лиг буюу хөгжлийн лиг рүү унахаар боллоо.
Бишрэлт Металл баг одоогоор улиралд нийт 27 тоглолт хийснээс ердөө найман хожил авсан тааруу амжилттай хүснэгтийн хомоол хамж буй бөгөөд 19 ялагдал хүлээгээд байгаа. Түүнчлэн сүүлийн 10 тоглолтдоо хоёр хожил найман хожигдол хүлээсэн. Дээд лигийн дүрмийн дагуу улирлын төгсгөлд хүснэгтийн сүүлийн байр буюу 10 байрт байгаа баг "M" хөгжлийн лиг рүү унадаг. Түүний оронд Хөгжлийн лигийн аварга баг дээд лигт дэвшин тоглодог журамтай.
Дээрх дүрмийн дагуу Бишрэлт Металл баг хөгжлийн лигт тоглохоор болж байна. Харин хүснэгтийн есдүгээр байрт байгаа баг хөгжлийн лигийн 2-р байрт байгаа багтай шилжилтийн тоглолт хийж ялсан баг нь ирэх улиралд дээд лигт тоглох эрхтэй болох юм.
Сагсан бөмбөг сонирхогчид тус багийн уналтыг багийн ахлагч Т.Ууганбаярын гэмтэлтэй холбоотой гэж үзэж байна. Тэрбээр гарын гэмтлийн улмаас сүүлийн тоглолтуудад оролцож чадаагүй юм. Мөн Металлын менежментийн алдаа нь энэ багийн асар хурдан хугацаанд унах шалтгаан болсон гэж үзэж байгаа аж. Дээд лигт сүүлийн гурван жил дараалж финалдаад байсан тэд богино хугацаанд уналтад орж дээд лигээс хасагдахаар болсон нь лигийн хөгжил, багуудын өрсөлдөх чадвар хөгжиж буйг илтгэж байна.
