Эмэгтэй волейболчид Зүүн Азийн АШТ-д VI байр эзэллээ
- 2026/08/17
Волейболын Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (АШТ) энэ сарын 11-нд эхэлсэн билээ.
Өнгөрсөн Ням гарагт тус тэмцээний аварга баг тодорлоо. Япон, БНСУ, БНХАУ, Хонконг, Тайвань, Монгол болон Макаогийн эмэгтэй шигшээ баг энэ удаагийн тэмцээнд хүч сорьсон юм. Хонконгт болсон тус тэмцээний аваргын төлөө Япон, БНХАУ-ын баг өрсөлдсөн бол хүрлийн төлөө БНСУ, Хонконгийг 3:0-ээр буулган авчээ.
Ингэснээр Өмнөд солонгосчууд хоёр жил дараалан тус тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Тэд 2010 онд мөнгөн медаль хүртэж байсан юм.
Харин Монголын эмэгтэй шигшээ баг "А" хэсэгт ороод БНСУ, Хонконгийн багт дараалан ялагдсан. Ингээд ижил амжилттай Макаог 3:0-ээр илүүрхсэнээр V байрны төлөө Тайванийн багтай өрсөлдсөн юм. Харамсалтай нь энэ тоглолтод 0:3-аар дийлдсэнээр энэ удаагийн тэмцээнийг VI байраар өндөрлүүллээ.
Энэ тэмцээний аваргаар япончууд тодров. Тэд Хятадын шигшээг 3:0-ээр буулган авснаар Зүүн Азийн АШТ-д хамгийн олон буюу зургаа дахиа түрүүллээ.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
