Египетийн "Фараон"-ууд Аргентиныг хүнд байдалд оруулсан ч Месси багаа аврав
- 2026/07/08
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шөвгийн 16-гийн тоглолтууд өндөрлөлөө. Атланта хотын цэнгэлдэхэд дэлхийн аварга цолоо хамгаалах үүрэгтэй Аргентин, Египетийн тоглолт тун сонирхолтой боллоо.
Египетийн "Фараон"-ууд аваргуудын эсрэг тун сайн бэлджээ. Эхний хагасын 15 дахь минутад Яссер Ибрахим мөргөж гоол оруулснаар тэд тэргүүлж эхэлсэн. Удалгүй египетчүүд 16-гийн шугам дотор алдаа гаргаснаар шүүгч торгуулийн цохилт заав.
Месси гоолоо ахиулах сайхан боломжийг салхинд хийсгэснээр нэг ДАШТ-д хоёр торгуулийн цохилт алдсан анхны тоглогч болж түүхэнд нэрээ үлдээлээ. Тэрбээр өмнө нь Австрийн эсрэг тоглолтод торгуулийн цохилтоо алдсан юм. Аргентин эр зургаан ДАШТ-д оролцохдоо нийт найман удаа торгуулийн цохилт гүйцэтгэснээс дөрвийг нь гоол болгожээ.
Египетийн хаалгач Мустафа Шубир эхний хагасын баатар болсон юм.

Хоёрдугаар хагаст тоглолтын хэмнэл өөрчлөгдсөнгүй. Египетчүүд тооны харьцааг холдуулсан ч шүүгч бичлэг нягтлаад алдаа гаргасан гэж үзэв. Гэхдээ 67 дахь минутад өмнөх гоолоо цуцлуулсан Зико тооны зөрүүг холдуулснаар аваргууд хүнд нөхцөлд орлоо.
Гэхдээ аваргын цом өргөөд үзчихсэн Месси тэргүүтэй аргентинчуудын довтолгоо 79 дэх минутад үр дүнгээ өгөв. Мессигийн дамжуулалтаар хамгаалагч Кристиан Ромеро тооны харьцааг ойртуулсан бол 83 дахь минутад багийн ахлагч тооны харьцааг тэнцүүллээ.
Ийнхүү ДАШТ-ий 31 дэх тоглолтод оролцож буй Месси энэ тэмцээнд найм, нийт 21 дэх гоолоо бичүүлэв. Үүнээс гадна 10 гоолын дамжуулалт өгснөөр Диего Марадонаг гүйцэж байна.
Аваргууд ийн сэргэхэд сэлгээнээс талбайд гарсан довтлогч Лаутаро Мартинесийн үүрэг их бий. Де Полын оронд 66 дахь минутад талбайд гарснаар Аргентины илүү аюултай болж байв. Хоёр дахь гоолд түүний оролцоо их байсан бол харин 90+2 минутад хожлын гоолын оновчтой дамжуулалтыг тэр гүйцэтгэж Энцо Фернандес мөргөж оруулсан юм.
Мохаммед Сала тэргүүтэй Египетийн "Фараонууд" аваргуудын эсрэг тун чамбай бэлдсэн ч эцсийн үр дүнд Аргентин шөвгийн наймд өрсөлдөхөөр боллоо. Аваргууд ДАШТ-ий түүхэнд 75 дахь минутаас хойш хоёр гоолын зөрүүг нөхсөн анхны баг болсон юм.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
