"The MongolZ" баг дасгалжуулагчгүй тоглосон ч "MOUZ"-ийг илт давуу хожлоо
- 2026/03/20
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын 1.1 сая ам.долларын шагналын сантай нэгдүгээр зэрэглэлийн "BLAST Open Rotterdam 2026" тэмцээн хоёр дахь өдрөө Данийн Копенгаген хотод үргэлжилж байна.
Манай улсын "The MongolZ" баг В хэсгийн эхний учраандаа Германы "MOUZ" багийн эсрэг өнгөрсөн шөнө тоглож, 2:0 тооны харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр "MOUZ"-ийн эсрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд таван тэмцээн дараалан хожигдсон амжилтгүй цувралаа зогсоолоо.
Өнгөрсөн шөнийн тоглолтод манай баг өөрсдийн сонгосон "Nuke map" дээр 13:11 онооны харьцаатай, эсрэг багийн сонгосон "Inferno map" дээр 13:3-аар илт давуу ялалт байгуулж байна. Түүнчлэн дасгалжуулагч "maaRaa" буюу Б.Эрдэнэдалай энэ удаагийн тэмцээнд биечлэн оролцож чадаагүй учраас зургийг нь сандал дээр наасан байдлаар тогложээ.
Тэд маргааш шөнийн 02:30 цагт Францын "Team Vitality" багийн эсрэг хасагдах шатанд шалгарахын төлөө хүч үзэхээр оноолт таарлаа. Хэрэв хожигдвол В хэсгийн доод хүснэгт рүү унах бөгөөд хоёр дараалан хожил байгуулж байж хасагдах шатанд тоглох эрхтэй болно.
Энэ хоёр баг 2024 оноос хойш томоохон тэмцээний хүрээнд 14 удаа учраа таарч тоглоход "The MongolZ" баг өрсөлдөгчөө ердөө хоёрхон удаа хожиж байсан байна. 2025 онд нийт есөн удаа тоглоход Францын "Team Vitality" баг долоод нь хожсон амжилт үзүүлжээ.
ЭХ СУРВАЛЖ: NEWS.mn
