Улсын наадмаас хойш Э.Батмагнайг өвдөг шороодуулсан зургаан бөх
- 2026/02/11
Өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат "Тэргүүн Богд" дэвжээний бөх улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж арслан цолны болзол хангасан. Түүний дараагаар Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадамд барилдаж түрүүлсэн билээ. Хоёр том барилдаанд ойрхон түрүүлсэн нь түүнийг хаях бөхчүүд цөөрснийг илтгэж буй хэрэг юм.
Тэгвэл залуу арслангийн улсын баяр наадмаас хойш бөхийн өргөөнд албан ёсоор зохиогдсон барилдаанд зодоглосон тоог тоолж үзье. Тэрбээр нийт зургаан барилдаанд зодоглосон бөгөөд хоёрт нь түрүүлж, нэгт нь үзүүр хүртжээ. Ингэхдээ Э.Батмагнай Улсын арслан Ц.Бямба-Отгон, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр зэрэг гурван бөхөд л тахим буулгасан аж.
Өөрөөр хэлбэл,
- Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан барилдааны зургаагийн даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгонд өвдөг шороодсон
- Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан барилдааны хоёрын даваанд Завхан аймгийн харьяат аймгийн харцага Б.Ренчинжүгдэрийг амлан авч өвдөг шороодсон
- Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх барилдаанд долоо даван түрүүлсэн
- Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан барилдааны зургаагийн даваанд аймгийн хурц арслан Д.Алтанцоожтой тунан барилдаж өвдөг шороодсон
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын барилдаанд улсын начин Б.Даваа-Очироор найман даван түрүүлсэн
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны дөрвийн давааны оноолтоор аймгийн хурц арслан Д.Алтанцоожид хоёр дахь удаагаа өвдөг шороодсон байна.
Харин бөхийн холбооноос зохион байгуулдаг "Алтан цом"-ын төлөөх барилдааны зургаан тойрогт 29 барилдаан хийхдээ 27 даваа авч ердөө хоёр унаатай байгаа юм. Тодруулбал, дөрөвдүгээр тойрогт "Хамаг Монгол" багийн бөх улсын начин Л.Энхсаруул, гуравдугаар тойрогт "АПУ Скайтел" багийн бөх аймгийн арслан Н.Амгаланбаатар нарт тахим буулгажээ.
Ташрамд дурдахад саяхан болсон "Алдар спорт хороо" үүсгэн байгуулгагдсаны 80 жилийн ойд зориулсан "халз барилдаан"-д Улсын арслан Б.Орхонбаяртай барилдаж өвдөг шороодсон юм. Ингэснээр Э.Батмагнай наадмаас хойш зургаан бөхөд тахим буулгасан байж таарах нь.
Тэрбээр Улсын их баяр наадамтай нийлээд 81 барилдаан хийснээс 74 даваа авч долоон удаа өвдөг шорооджээ. Долоон удаа тахим буулгахдаа аймгийн хурц арслан Д.Алтанцоожид хоёр удаа, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Б.Орхонбаяр, начин Л.Энхсаруул, аймгийн арслан Н.Амгаланбаатар, харцага Б.Ренчинжүгдэр нарт тус тус нэг удаа унажээ. Улмаар Э.Батмагнай бөхчүүдийн чансааны гуравдугаар байрт 4050 оноотойгоор жагсаж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn
