Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Бөхийн таамаг: Цагаан сарын барилдаанд Э.Батмагнай түрүүлж, Д.Алтанцоож үзүүрлэнэ

Бөхийн таамаг: Цагаан сарын барилдаанд Э.Батмагнай түрүүлж, Д.Алтанцоож үзүүрлэнэ

  • 2026/02/05

Цагаан сарын барилдаан нь чансаагаараа Үндэсний их баяр наадмын дараа орох хэмжээний нэр хүндтэй барилдаануудын нэг. Жил бүрийн битүүний өдөр болдог тус барилдаан анх 1963 онд "Нэгдэлчдийн баярын барилдаан" нэртэйгээр зохиогдож байсан юм. Цагаан сарын барилдаанд хамгийн олон удаа түрүүлсэн бөх бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ бөгөөд нийт 13 удаа түрүүлсэн байдаг.

Бөхийн хорхойтнуудын хуруу даран хүлээдэг барилдаануудын нэг яахын аргагүй цагаан сарын барилдаан билээ. Тухайн жилд улсын цолны босго алхах аймгийн цолтнууд, цолоо батлах цааш ахиулах бөхчүүдийн өнгө, бэлтгэл сургуулилтыг шинждэг наадмын өмнөх их сунгаа гэж хэлж болох юм. Мөн төдийлөн заалны барилдаанд гараад байдаггүй аварга, арслангууд барилдаанаа хүндэтгэн ирж зодголдог нь энэ барилдааны бас нэгэн чимэг болдог.

Том барилдаанд том цолтнууд шахаж сайн барилддаг. Бөхийн холбооноос зохион байгуулсан барилдаануудад гаргасан амжилтаар чансаа оноог Дэвжээ.мн сайт гаргадаг. Тус чансааг Улсын заан Б.Бат-Өлзий 4500 оноотойгоор тэргүүлж байгаа бол улсын арслан Э.Батмагнай 4050, заан С.Сүхбат 4050, арслан Ц.Бямба-Отгон 3650, аймгийн арслан М.Баяржавхлан 2750 оноогоор эхний таван байранд жагсаж байгаа юм. Үүнээс үзвэл заалны барилдаануудад олон хүнд унаагүй, унадаггүй Э.Батмагнай болон Б.Бат-Өлзий нар яах араггүй түрүү үзүүрт яригдах нь зүй.

Чансаа оноог тэргүүлж буй "баавгай" заан 2018, 2023 онуудад цагаан сарын барилдаануудад түрүүлж байсан. Бүхий л заалны барилдаанд Б.Бат-Өлзий заан шөвгөрөхгүй байх нь нүдний гэм болсон. Барилдсан барилдаан бүхэндээ индэр өөд гардаг тэрбээр энэ жил ч гэсэн дээшээ барилдах нь ойлгомжтой. Харин Улсын наадмын долоогийн даваа хүртэл хөлс гаргалгүй барилдсан Э.Батмагнай арсланд цагаан сарын барилдааны түрүү л дутуу байгаа. Тэрбээр Улсын баяр наадам, Ерөнхийлөгчийн цом гэх мэт чансаа өндөр барилдаануудад түрүүлсэн амжилттай. Хэзээний түргэн шуурхай барилддаг тэрбээр энэ жилийн цагаан сарын барилдаанд түрүүлэх магадлал тун өндөр байна.

Сүүлийн хоёр жил цагаан сарын барилдаанд дараалан түрүүлээд буй аварга О.Хангай чансаа оноогоор 21-р байранд байгаа. Гэсэн ч аварга цолны ааг, эрэмбээр барилдаан таарах бөхчүүдээ амлан төвөггүй дээгүүр даваанд гараад ирэхэд гайхах зүйлгүй. Хашир аварга давхар золгооны барьцаас дархан мэхээ даалгасаар гурав дараалан түрүүлэхийг үгүйсгэх араггүй.

Жил бүр аймгийн цолтон цахиур хагалж бөхийн таамаг эвддэг "моод" үүсчхээд буй. Өнгөрсөн жил аймгийн арслан Ш.Отгонтөгс их шөвөгт үлдэж олон хүний таамгийг эвдсэн. Тэгвэл энэ жил аймгийн хурц арслан Д.Алтанцоож тунасаар үзүүр түрүүнд үлдэх магадлалтай. Өрсөлдөгч бөхөө "муутгаж" хаядаг нь түүний барилдааны онцлог. Хурц арслан дөрвийн давааны нугалаанаас эхлэн хүнд барилдаан хийсээр үзүүрт очиж мэднэ. Бөхийн хорхойтнууд ч түүнийг улсын том цолтон болно гэж ярьцгаадаг. Тэрбээр энэ жил аймгийн цолтноо төлөөлж цахиур хаглаж мэдэх юм.

Ингэвэл их шөвөгт О.Хангай, Э.Батмагнай, Б.Бат-Өлзий, Д.Алтанцоож нар үлдэх нь. Хэрэв таамгаар болбол О.Хангай аварга Д.Алтанцоожийг амлаж, арслан заан хоёр тунан барилдана. Улмаар Э.Батмагнай, Д.Алтанцоож нар түрүү булаалдаж Э.Батмагнай түрүүлж магадгүй юм.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдаанд түрүү, үзүүр, их шөвөгт үлдсэн бөхчүүдийн мэдээллийг хүргэж байна.

2025 оны Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:

  • Түрүү: У.АВ О.Хангай
  • Үзүүр: У.З М.Лхагвагэрэл
  • Шөвөг: У.А Б.Орхонбаяр
  • А.А Ш.Отгонтөгс

2024 оны Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:

  • Түрүү: У.АВ О.Хангай
  • Үзүүр: У.З Б.Пүрэвсайхан
  • Шөвөг: У.АВ П.Бүрэнтөгс
  • У.Н Д.Амарсайхан

2023 оны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:

  • Түрүү: У.З Б.Бат-Өлзий
  • Үзүүр: ДАЯ.А Н.Батсуурь
  • Шөвөг: У.АВ О.Хангай
  • У.З М.Лхагвагэрэл

2022 оны Сайжруулагч хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:

  • Түрүү: А.З Э.Мөнхжаргал АР
  • Үзүүр: У.З Б.Пүрэвсайхан ХО
  • Шөвөг: У.ГМ.Бадарч АР
  • У.ХТ.Баасанхүү УВ

2019 оны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:

  • Түрүү: У.АР Р.Пүрэвдагва Ар
  • Үзүүр: У.АР Ц.Содномдорж Хө
  • Шөвөг: У.АВ Н.Батсуурь Ув
  • У.АВ С.Мөнхбат Ув

2018 оны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:

  • Түрүү: У.Х Б.Бат-Өлзий Хо
  • Үзүүр: У.АР П.Бүрэнтөгс Ув
  • Шөвөг: У.АВ Ч.Санжаадамба Ар
  • У.АР Ц.Содномдорж Хө

2017 оны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан:
 

  • Түрүү: У.АВ Ч.Санжаадамба Ар
  • Үзүүр: А.А О.Хангай Хо
  • Шөвөг: У.Г Б.Гончигдамба За
  • У.Х Ц.Содномдорж Хө

2016 оны Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:
 

  • Түрүү: У.Х Ц.Содномдорж Хө
  • Үзүүр: У.АВ Г.Эрхэмбаяр Сэ
  • Шөвөг: У.Х Н.Батзаяа Хо
  • У.Н Т.Баасанхүү Ув

Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Үйл явдал: Монголын сагсан бөм...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :