Эхний гурван тоглолтдоо 95 оноо аваад буй Бодонсыг "аврагч" Жэй Скрабб
- 2026/02/02
Сүүлийн жилүүдэд Монголын үндэсний сагсан бөмбөгийн "Дээд лиг" өндөр түвшинд хөгжиж, NBA-д зодоглож байсан тамирчид ирэх нь энгийн үзэгдэл болжээ. Одоогоос таван жилийн өмнө дотоодын лигт дэлхийн од тамирчин ирэх нь холын мөрөөдөл байв. Гэтэл өдгөө багуудын төсөв багадаа нэг тэрбум хол давж, тамирчдын цалин хөлс, үнэлэмж нэмэгдээд буй. Үүнийгээ дагаад аваргын цомын төлөх өрсөлдөөн улам ширүүсэх нь ойлгомжтой.
Энэ улиралд аварга авахын төлөө "амь тавьж" буй багуудын нэг бол Сэлэнгэ Бодонс. Үүнийхээ төлөө ч нэлээд хөрөнгө зарцуулсан. Гэвч тэд плей-оффт орох эсэх нь эргэлзээтэй болж аваргын цомоос нэг жил ухрах эрсдэлтэй болоод байв. Тэгвэл Бодонс сүүлийн дөрвөн тоглолтдоо дараалан ялалт байгуулсан бөгөөд тэдний "аврагч"-ыг Жэй Скрабб гэхэд хилсдэхгүй биз.
Ингэж хэлсний учир юу вэ гэвэл Жэй Скрабб эхний гурван тоглолтдоо нийлээд 95 оноо авч, улмаар баг нь дараалсан хожил авч хүснэгтийн байр ахисан юм. Тэрбээр монголын лигт хийсэн эхний тоглолтоо Бишрэлт Метал багийн эсрэг хийж 43 оноо, долоон самбараас бөмбөг авалт, 63 хувьтай довтолж улмаар баг нь ялсан. Түүний дараагаар Бодонс Ховд Шонхорууд багтай ширүүн өрсөлдөөнийг үзүүлж нэмэлт цагт ялагчаа тодруулахаар болсон. Тэгвэл нэмэлт цагт Жэй Скрабб 10 оноо авч багийнхаа 11 дэх хожлыг авч өгсөн. Бодонс энэ эрчээрээ тогловол плей-оффт саадгүй орохоор байна.
Плей-оффын тоглолтуудад Кемаркус Казинс бүрэн оролцох бөгөөд Жей Скрабб түүний сайн туслах байх нь гарцаагүй юм. Тэд дараагийн хоёр тоглолтоо өнгөрсөн жилийн аваргуудтай буюу "Хасын хүлэгүүд"-тэй хийх юм. Аваргууд Бодонсын хожлыг цувралыг зогсоох магадлалтай. Түүний дараагаар "BCH Knights" багтай тоглох хуваарьтай байгаа юм. Дээрх хоёр баг шаггүй өрсөлдөөн үзүүлэх нь ойлгомжтой. Бодонсын хувьд гэрийн даалгавраа сайн хийж, Жей Скраббын сайн тоглолт үргэлжилбэл хожлын цувралаа үргэлжлүүлэх боломжтой.
Сэлэнгэ Бодонсы "аврагч" болоод буй Жэй Скрабб нь
- 2020 онд NBA-ын драфтын 55 дахь сонголтоор сонгогдож байсан
- 2000 онд төрсөн, 198см өндөр, урд шугамын байрлалд тоглодог
- 2020-2022онд Los Angeles Clippers-ийн бүрэлдэхүүнд тоглосон
- 2022-2025 онд NBA G League-н Lakeland Magic, Maine Celtics, Long Island Nets багуудад тоглож байсан туршлагатай тамирчин юм.
- ЭХ СУРВАЛЖ: eguur.mn
