Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

2029 онд боломж байгааг харуулсан 2025 оны урьдчилсан шат

2029 онд боломж байгааг харуулсан 2025 оны урьдчилсан шат

  • 2025/02/25

Хоёр холбооны асуудлаас болж, тивийнхээ аваргад оролцоогүй удсан Монголын шигшээ баг 2025 оны Азийн аваргад өрсөлдөх аялалаа 2022 онд эхлүүлсэн. Ингэхдээ эхний шатны D хэсэгт Таити, Тайланд, Малайз, Вьетнам зэрэг багуудтай өрсөлдөж, хэсэгтээ хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарсан. Энэ үед монголчууд Тайландын шигшээ багт нутаг дээрээ тахим буулгаж, Фредрик Лиш болон түүний нөхдийг анх удаа харж байлаа.

2023 онд үргэлжилсэн хоёрдугаар шатны F хэсэгт Монголын шигшээ баг орсон. Тоглолтууд мөн л Улаанбаатар хотноо товлогдож, монголчуудыг дахин баяр хөөрт умбуулсан гэхэд хилсдэхгүй. Энэ удаад Тайланд, Малайзтай бус Гуам, Сингапур, Хонг Конгтой тоглох хуваарь гарав. Таамаг ёсоор Сингапур, Хонг Конгийг буулган авч, Гуамтай тэмцээний сүүлийн өдөр тоглов. "UG" аренад гал гарсан ширүүхэн өрсөлдөөнтэй тоглолтын эцэст Гуамын шигшээ баг Ирнест Россын хожлын шидэлтээр ялалт байгуулсан түүхтэй. Хэдий хожигдол хүлээсэн ч Монголын шигшээ баг гуравдугаар байраар урьдчилсан шат руу орсон.

 

Урьдчилсан шатны С хэсэгт Монголын шигшээ багийн хамтаар Хятад, Япон, Гуам багтав. Тивдээ бүү хэл дэлхийд хүч үздэг Хятад, Японы шигшээ багуудтай учраа таарсан нь Монголын шигшээ багийн хувьд чансаагаа сорих сайхан боломж байв. Үүнээс гадна хэсэгтээ гуравдугаар байрт орсон багт дахин боломж гарах байсан учир ядаж Гуамаас хариугаа авах бодол хэн бүхэнд төрсөн биз.

Хятад, Японтой санасныг бодвол ойрхон тэмцэлдсэн. Ялангуяа Японтой. Тэдний талбайд эхний хагаст хүч тэнцүү үзэж, шийдвэрлэх үед арга үгүй хүч дутсан. Харин Улаанбаатар хотноо өчигдөр/2025.02.23/ сүүлийн үе хүртэл дөрөө харшуулан өрсөлдөж, эцсийн мөчид ялагдал хүлээв.

Мэдээж Гуамыг хоёр тоглолтод хоёуланд нь ялна гэсэн итгэл, бодол шигшээ багт байсан. Анх тоглохдоо хайхрамжгүй алдаанаасаа болж хожигдсон учир энэ удаад илүү гэдгээ мэдрүүлж хожъё гэх хүсэл байлаа. Харамсалтай нь, Улаанбаатар хотод болсон тоглолтод Гуамын шигшээ баг 11 онооны илүүтэйгээр дахин хожиж, хэсгийн гуравдугаар байраа хадгалав. Хариу тоглолтод Гуамын Мангилао хотод болоход Монголын шигшээ баг хариугаа авч, мөн 11 онооны зөрүүтэй ялалт байгуулсан билээ. Хэрэв 12 оноогоор хожсон бол Азийн аваргад оролцохын төлөө нэмэлт тоглолт хийх байв.


Нийт зургаан тоглолтын дараа Хятад С хэсгийг тэргүүлж, Япон удаалав. Харин Гуам, Монголын багууд ижилхэн нэг хожилтой, бие биенээ 11 оноогоор хожсон учир нийт онооны зөрүүг тоолоход Гуам -82, Монгол -97 оноотой байсан тул Гуам нэмэлт тоглолт хийх эрхээ авчээ.

2029 оны Азийн аварга одоогоор хаана, хэзээ болох нь тодорхойгүй байна. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь Монголын шигшээ баг илүү хүчтэйгээр эргэн ирнэ. Эрхээ шууд авч, үндсэн тэмцээнд өрсөлдөх гол фаворит багаар нэрлэгдэнэ. Тэр үед Ш.Энхийн-Одоос эхлээд одоо хилийн чиндад боловсорч, ээлжээ хүлээж буй залуус шигшээ багийн ачааны хүндийг нуруун дээрээ үүрэх биз ээ. Төвийн байрлал дээр ч дутах зүйлгүй болж ирнэ. Энэ удаагийн урьдчилсан шатаар бид Ч.Маргад гэх Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон нэгэн хүүг харлаа. Мөн Г.Болор-Эрдэнийг ямар нөөц бололцоотой холбон тоглогч болох вэ гэдгийг мэдэв. Ер нь шигшээ багт багтахын төлөөх өрсөлдөөн байрлал бүр дээр ширүүсэх шинжтэй. Олон улсын тэмцээн, тоглолтын тоо олшроод эхэлвэл хүн бүрд боломж олдох нөхцөл бүрджээ. Василис Фрагкиас дасгалжуулагч ч шигшээ багийг хаашаа, хэрхэн чиглүүлэх учраа олчихсон харагдсан.
Эх сурвалж: news.mn

 

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Б.Нарантуяа Ази тивийн снукер ...
Дараах
Яагаад Барселона дэлхийн хамги...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :